Үгдсэн хуулийн цэцийн үүсэл хөгжил
-Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг байгуулсан нь
Монгол оронд дээд хяналт тавих үүрэгтэй, Үндсэн хуулийн статус бүхий төрөлжсөн шүүхийн уламжлал байгаагүй юм. Харин хуучин Үндсэн хуулиас шинэ Үндсэн хууль батлах хүртэлх шилжилтийн зурвас үед (1990-1992) Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага байх хэрэгтэй гэсэн санаа Монгол Улсын анхны байнгын парламент-Улсын Бага Хурлын гишүүдийн дотор төрж эхэлсэн байна. Ер нь Үндсэн хуулийн шилжилтийн зурвас үе бол бүхэлдээ төрийн тогтолцооны ардчилсан арга, механизмыг хайн эрэлхийлсэн үе байсан юм. Тэр үед монгол төрийн хэрэгт зүтгэж байгаа хэн боловч, өрнө, дорнын туршлага, сургамжийг судалж, дэвшигдэн тавигдаж буй асуудалд авах, гээхийн үүднээс хандаж байсны нэг нь Үндсэн хуулийн дээд хяналтын асуудал байлаа. Энэ бол өрнө дахины орнуудын төрийн тогтолцоонд үр өгөөжтэй нь нэгэнт батлагдсан чухал ач холбогдолтой институт байсан юм.
БНМАУ-ын Ардын Их Хурлын XI дэх удаагийн сонгуулийн IX чуулган (1990 оны V сар) БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн хуулийг баталж мөрдүүлсний дараа дээр дурдсан Үндсэн хуулийн хяналтын тусгай байгууллагын тухай асуудал яригдаж эхэлсэн юм. Чингээд БНМАУ-ын Ардын Их Хурлын XII дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар (1990 оны 9 дүгээр сар) “БНМАУ-ын Үндсэн хуулийн хяналтын зөвлөлийн тухай асуудлыг хэлэлцсэн байна. Эл хуралдаан дээр депутат Т.Очирхүү, О.Очиржав, Ч.Пүрэвдорж, С.Баяр, Ж.Чунагсүрэн, Ч.Хурц, Э.Бат-Үүл нарын 10 гаруй хүн үг хэлж, тэдний зарим нь ийм зөвлөл байгуулах нь зүйтэй гэж үзэж байхад, нөгөө хэсэг нь тийм зөвлөл байх хэрэггүй гэсэн санал гаргасан байна. Эцэст нь БНМАУ-ын Үндсэн хуулийн хяналтын зөвлөл байгуулах эсэх тухай санал хураалгахад хуралдаанд оролцсон депутатуудын их зонхийн саналаар энэ удаад тийм зөвлөл байгуулах шаардлагагүй гэж үзсэн юм.
1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдснаар Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэх шүүх байгуулах эрх зүйн үндэс бүрджээ. Үндсэн хуулийн хяналтын механизмыг бий болгосон нь шинэ Үндсэн хуулийн нэг ололт, шинэлэг тал байлаа. Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн нэгд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага мөн” хэмээгээд Үндсэн хуулийн цэцийн бүтэц, үйл ажиллагааны зарчим, эрх хэмжээг хуульчлан тунхаглажээ.
Улсын Бага Хурлын гишүүд санал хураалт явуулахад, Улсын Их Хурлын санал болгосноор Гэндэнгийн Нямдоо, Цэндийн Цолмон, Дамбадаржаагийн Чилхаажав нарыг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Жавхлангийн Бямбаа, Наваанпэрэнлэйн Жанцан, Галдангийн Совд нарыг, Улсын дээд шүүхийн санал болгосноор Лэгцэгийн Баасан, Баасайн Дангаасүрэн нарыг тус тус Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилжээ. Харин 7 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар Улсын дээд шүүхийн санал болгосноор Жамцын Чойжанцанг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон байна. Ингэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бүрэн бүрэлдэхүүнтэй болж, Улсын Их Хурлын чуулганы 1997 оны 7 дугаар сарын 7-ний өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн төсөв, цалингийн санг тогтоосон байна.

Comments
Post a Comment